МОНГОЛ, ОРОСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД НАР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хоёр улсын эрчим хүчний яам хооронд “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр“-ийг 2019 онд байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд Оросын Холбооны Улсын Эрчим хүчний орлогч сайд П.Сниккарс, Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамж болон цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлттэй уялдуулан “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг үе шаттайгаар өргөтгөн, шинэчлэх төслийг ОХУ-ын талтай хамтран гүйцэтгэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Төслийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан уулзалтыг тогтмол зохион байгуулж, хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ.

Ажлын хэсгийн гишүүдээр Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудорж, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, Хуулийн хэлтсийн дарга Л.Мөнхжаргал, Дулааны хэлтсийн дарга Т.Батдондог, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Отгонцэцэг, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир болон бусад албаны хүмүүс ажиллаж байна.

Хоёр улс эрчим хүчний салбарт олон жил амжилттай хамтран ажилласан түүхтэй. Хамгийн сүүлд 2018-2020 онуудад “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн 1-4-р турбогенераторыг шинэчлэх төслийг хамтран гүйцэтгэсэн юм.

 

Эх сурвалж: https://www.facebook.com/www.energy.gov.mn/