Түр хүлээнэ үү
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарынхаа өнөөгийн нөхцөл байдлыг онцоллоо.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД : Н.ТАВИНБЭХ
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, УИХ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ХҮРЭЭНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДОРВИТОЙ АЖЛУУД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.
- 2021-08-03
- 136 уншсан
- 1 минут уншина
- Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2020 онд 8,851.3 сая кВт.цаг-т хүрч, өмнөх оноос 1.5 хувиар өсжээ. Үүнээс 7,145.7 сая кВт.цаг буюу 80.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангажээ. Дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр авч үзвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизель станцуудаас үйлдвэрлэсэн байна.
- Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үлдсэн 19.3 хувь буюу 1,705.6 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 14 дэд станцаар дамжуулан импортоор худалдан авчээ. Энэ нь өмнөх оноос 11.0 сая кВт.цаг буюу 0.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний 312.1 сая кВт.цаг буюу 18.3 хувийг ОХУ-аас, 1,393.5 сая кВт.цаг буюу 81.7 хувийг БНХАУ-аас авчээ.
- Эрчим хүчний хэрэглээний өсөлтийн дунд хугацааны төсөөллөөс харахад 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүнд жилүүд тохиохоор байгааг Н.Тавинбэх сайд тодотгов. Иймээс дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолууд аваарын зогсолт хийх, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээнд тасралт гарахаас урьдчилан сэргийлэх найдвартай ажиллагааг хангуулах үүднээс зохион байгуулалтын ажлуудыг төлөвлөн хийж хэрэгжүүлэж байгааг онцоллоо.
- Дулаан хангамжийн хувьд 2015 онд Амгалангийн дулааны станцыг барьж ашиглалтад оруулсны зэрэгцээ энэ онд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбингенераторын шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлж, дулаан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Гэвч хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн дулаан дамжуулах гол шугамуудын 30 гаруй хувь нь 30-аас дээш жил ажилласан, мөн жилд дунджаар 150-230 Гкап.цаг-ийн хэрэглээ нэмэгдэж байгаа (тухайлбал, 2020 онд 289 барилгын 206.4 Гкап.цаг-ийн хэрэглээ шинээр холбогдсон) зэргээс шалтгаалж Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрүүд чадлын дутагдалд орж болзошгүй байна. Тиймээс өвлийн улиралд хэт хүйтэрсэн тохиолдолд чадлын дутагдал ихсэх, дулаан хангамж доголдох эрсдэлтэй байгаа аж.
- Нөхцөл байдал ийм байгаа учир цаашид дорвитой, шийдэмгий арга хэмжээ авахгүй бол өсөн нэмэгдэх хэрэглээгээ хангахад эх үүсвэрийн болон аваарын нөөцийн дутагдалд орох, гадаадаас авах эрчим хүч улам нэмэгдэх, цахилгаан дамжуулах үйлдвэрлэх, түгээх сүлжээ чадамжгүй болох, уул уурхай, барилга, хот байгуулалт, боловсруулах үйлдвэрийг боомилох, стратегийн чухал ач холбогдолтой салбар гаднаас хараат болох зэрэг эрсдэл байсаар байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцоллоо. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд бүтээн байгуулалтын дорвитой ажлууд хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.